Sunday, March 29, 2015

Хоридай мэргэний домог



Хорь түмэдийн Хоридай мэргэний домог

Эрт урьд цагт Хори түмэдийн Хоридай мэргэн гэдэг айл гэр болоогүй, эхнэр хүүхэдгүй залуу байжээ. Хори түмэдийг Байгал нуурын эргээр явж байхад хун шувууд зүүн хойт зүгээс нь нисэн ирээд есөн сайхан хүүхэн болоод Байгал нуурын усанд биеэ угаажээ. Тэгэхэд нь Хори түмэд нэг хун шувууны хувцсыг нь хулууж аваад биеэ харуулалгүй хэвтдэг байна. Усанд орж хэргээ бүтээгээд, найман хун хувцсаа өмсөөд зүүн хойшоо нисээд явчдаг. Ганц хун үлдэж, Хори түмэдийн эхнэр болсон байна. Тэр хоёр айл гэр болоод их жаргаж арван нэгэн хөвгүүнтэй болсон гэнэ. Эхнэр нэг өдөр хэлсэн нь:
- Би нутгаа буцъя, чи олон үртэй, биетэй боллоо. Чамд ядрал ердөө байхгүй болов. Хори түмэд хун шувуун эхнэрийнхээ хувцсыг нь өгдөггүй байв.
Нэг өдөр эхнэр нь хоймрынхоо орон дээр оёдол хийгээд, Хори түмэд тогооныхоо хоёр бариулаа бариад хоол ундаа хийж байв аа. Хун хэлсэн нь:
- Хувцсыг минь гаргаж өгөөч. Би өмсөж үзье л дээ. Би үүдээр л гарнаш дээ, бариад авна биздээ, чи. Өмсөөд үзье л дээ гэж.
- Үгүй ээ, нээрээ өмсөөд үзэхэд яавал гэж? гэж бодоод Хори түмэд хувцсыг нь авдар дотроосоо гаргаад өгдөг байна. Эхнэр нь хун шувуу болоод хойт орон дээрээ суугаад далиа засч байв гэнэ. Гэнэт др.... гээд тооно өөдөө нисчээ. Хоридай мэргэн:
- Хүүе, болиоч, болиоч гээд, хөө болсон хоёр хар бариулаараа хоёр хөлний нь шилбийг бариад таталдаад байж, юу юугүй алдлаа гэнэ. Хоридай мэргэн:
- Чи явбал арван нэгэн хөвгүүндээ нэр өгөөд яв гэдэг байна. Тэгээд арван нэгэн хөвгүүндээ Хүгдүүд, Галзууд, Хуацай, Халбин, Батнай, Худай, Гушид, Сагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж нэрлэн дууджээ.
Эхнэрийнхээ хоёр хөлийг алдахад Хун шувуу дээгүүр нь нисэнгээ: “Үеийн үед, биеийн биед бүү ядагты, сайн сайхан явагты, өсч бойжиж явагты” гэж ерөөгөөд зүүн хойшоо явчихсан гэдэг билээ.

Saturday, March 28, 2015

Нутгийн хөөрхөн бүсгүй

Нутгийн хөөрхөн бүсгүй
Үг. Ш. Жамлийхаа
Ая Д. Баттөмөр

Ботгон нүдтэй нутгийн хөөрхөн бүсгүйеэ хө
Бодсоор яваад учрахгүй нь ээ, би
Уулсынхаа цэцгээс мэндэлсэн гэмээр
Уран гоо цогцос орчлонд олжээ, чи
       Оюун бодолдоо чамдаа хүрэв
       Од шиг чи хол байна даа, хол байна.
Хархан нүдтэй нутгийн уяхан бүсгүйеэ хө
Хайрлаж явсаар насаа үдэх нь ээ, би
Хүн ардын хүслээр төрсөн гэлтэй
Хүндэтгэл хайрын дээдийг олжээ, чи
      Дахилт
Алаг нүдтэй нутгийн ариухан бүсгүйеэ хө
Амьдралын турш мөрөөдөх нь ээ, би
Цэл залуу насныхаа дүрээрээ
Сэтгэл зүрхэнд минь мөнхрөх нь ээ, чи

Гайхмаараа

Гайхмаараа
Үг Ж. Бадраа
Ая З. Батсүх

Бадамлянхуа усан мандалд гандашгүй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгүй яа хө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр жаргал бүхнийг шагнах гайхмаараа хө

Эрдэнэт наран агаар мандалд эндэшгүй яа хө
Энхрий чи минь амин голоос эргэшгүй яа хө
Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бүгдийг авчрах гайхмаараа хө

Сансар хорвоо өнгөт мандалд сарнишгүй яа хө
Сарнай л чи минь өр зүрхнээс салшгүй яа хө
Саруул гэрлээр гоолиг чи минь наддаа
Санаж, хүсэх бүгдийг соёх гайхмаараа хө

Жаргаах зүрхэн

Жаргаах зүрхэн
Үг Ж. Бадраа
Ая С. Гончигсумлаа

Хүдэн татсан сарьдаг байнаа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь
Хүрэн зүрхний уяа юу даа

Алтлан дуртсан наран гийсээр хө
Ашдын заяат нутаг билээ хө
Алслан холдсон уран гоо минь хө
Алаг зүрхний янаг билээ хө

Салхин сэнсрэн исгэрч байнаа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Санан гансран мөрөөдөж суунаа хө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хө

Будан татсан халил байнаа хө
Бусдын нутгийн хавцгай юу даа хө
Буцан харьсан учрал ирнээ хө
Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө

Номт гурван улсын түүхийг хураангуйлсан Гэгээн толь хэмээх оршив

Гэгээн толь (1 хэсэг)

О МА НИ ПАД МЭ ХУМ.


Хутагт нигүүлсэхүйн эзэнд сүслэн мөргөмүй. Амьтны эрэл хангахуй хэрэглэхүй хүсэл, гарахуй цог хоёр хөлтний эрхин эрдэм бүгдийн сан тэнгэр хүмүүний багш Шакъяагийн хаанд бие хэл сэтгэл гурваар сүслэн мөргөмүй.


Цаглашгүй мэдэхүй энэрэхүй нигүүлсэхүй маш дэлгэрснээр аль алинаар номхтгохуй хувилгаанаар Төвд орны амьтан нугуудыг боловсрон гэтлэхүй мөрт зохион үйлдэгч Нүдээр үзэгч эрхэт түүнд мөргөмүй.


Цаглашгүй буянаар жавхлантай бүтсэн хүний эзэн, олонд өргөгдсөний язгуур үндэслэсэн эрдэнэ бурам модон тэргүүтэн Энэтхэгийн Маш арилсан хааны үндсэн нугуудад мөргөмүй.


Балар харанхуй хязгаар хөшүүн Төвд орон энд дээд номын зул ихэд бадруулан Төвдийн албат амьтан нугуудыг буянд зохион үйлдэгч хувилгаан хаан түшмэл нугуудад мөргөмүй.


Тус амгалан гарахуй орон гурван сургуулийн чимгээр чимэн зарлиг хийгээд шастирын дуу орчуулан тодотгон үйлдэн, бурхны шашныг 10 зүгт дэлгэрүүлэн үйлдэгч, Мэргэн шидэт хэлмэрч бандида нугуудад мөргөмүй.


Хязгааргүй эрдэм сэтгэхүйн орноос нөгчин Нүдээр үзэгч хийгээд номын хаан эцэг өвгийн зохиолын тууж өнцгийн төдий хураасан үүнийг өөрийн оюун дордон зохион эс чадавч сүжигтэй төрөлхтөн шашны үндэслэлийг дурлагч нугууд дуршихуй энэлэхүй сүжиг цаглашгүй үүсгэх хийгээд чихний баясгалангийн хурим үйлдэхүйн тул би бичин үйлдмүй хэмээн өгүүлэв.


Тэр ч ертөнцийн орон энд сайн буян хийгээд тус амгалан бүгд гарахуй газар дэлхий бурхны шашин эрдэнэ мөн.


Тэр ч өргөжин дэлгэрэн үйлдэхүй шалтгаан Энэтхэг Төвдийн номын хаан бодьсадва нугуудын ач мөний тул тэдний тууж дэлгэрэн үйлдэн, Ялангуяа ч хязгаар хөшүүн цаст орон энд: сайтар дууссан бурхан багш тэр эш үзүүлсэн мэт.


Бодьсадва хутагт эрхин Нүдээр үзэгч тэр: аль алинаар номхтгохуй хувилгаанаар хамаг амьтны тонилсон бодийн мөрт зохион үйлдэн, ялангуяа хутагт түүний сэтгэлийн хувилгаан Ном тэтгэгч Шударга төлгөн хаан тэргүүтэн номын хаан эцэг өвөв улам өөд болсон нугууд, бурхны шашныг өргөжин дэлгэрүүлэн үйлдсэн тууж товчийн төдий нэгнийг номлохулаа сэтгэл бишрэн дамнал арилгахуйд ном гарахуй гарлага үүнийг сэтгэлд талбин үйлд.


Тэр ч урьд галав сав ертөнцийн орон энэ хязгааргүй хоосон огторгуй нэгэн буйд арван зүгээс хий хөдлөн инагш чинагш тулалцсанаар Сольцсон хий хэмээх мандал хөхөвтөр хоо өнгөтэй маш бат: зузаанаар зургаан сая нэг бум хийгээд өргөнөөр тоолшгүй нэгэн тогтов. Түүний дээр усны цогцод шүтсэн их далай гүнээр арван нэгэн бум хийгээд хорин мянган буй. Өргөнөөр арван хоёр бус хийгээд нэг гурван зуугийн дундуур лугаа таван бэрээ буй. Түүний дунд элдэв эрдэнээр бүтсэн уулын хаан Сүмэр уул нь тээрмийн хүйс мэт жавхлантай бүтсэн буй. Ургахуй мөнгөн, баруун биндэрьяа, шингэхүй бадмаараг, зүүн алтаар бүтсэн буй. Сүмэр уул тэр нь найман түмэн бэрээ далай дотор орон найман түмэн бэрээ дээр гарсан буй. Түүнд огоот хүрээлсэн долоон алтан уул нь: Хүзүүвч мод баригч дөрвөн түмэн бэрээ, Анцас баригч хоёр түмэн бэрээ, Сэндэн баригч нэг түмэн бэрээ, Үзэхүл үзэсгэлэнтэй таван мянган бэрээ, Морины чих хоёр мянга таван зуу, Маш сөгдөхүй мянга хоёр зуун тавь, Хөвөө баригч зургаан зуун хорин таван бэрээ буй. Тэдний үеэр Цэнгэлгээний долоон далай амуй. Сүмэр уулын хонгил дор Асурын Авхуй балгад буй. Сүмэр уулын дээр гучин гурван тэнгэрийн орон буй. Түүний дунд Хурмастын орд харш Маш ялгуусан сайн балгас элдэв эрдэнээр бүтсэн буй. Тэдний завсар завсарт Цэнгэлгээний долоон далай буй. Түүний дээр найман түмэн бэрээ гарсанд Байлдаанаас хагацсан тэнгэрийн орон буй. Түүний дээр нэг бум зургаан түмэн бэрээ гарсанд Төгс баясгалангийн тэнгэрийн орон буй. Түүний дээр гурван бум хоёр түмэн бэрээ гарсанд Хувилган баясагчийн тэнгэрийн орон буй. Түүний дээр зургаан бум дөрвөн түмэн бэрээ гарсанд Бусдын хувилгасныг эдлэгч тэнгэрийн орон буй. Түүнээс дорогш Хүслийн оротон буй. Түүний дээр Дүрст орон хийгээд Дүрсгүй орон тэргүүтэн Тэнгэрийн орон нугууд ч суварганы үе мэт буй. Тэдний өндөр богино хийгээд бэрээ насны хэмжээ хийгээд биеийн хэмжээ эдлэхүйн жаргалангийн хэмжээ ямар буй нугууд Илэрхий санд тодорхой буй.

 Тод үсгээс кирил үсэгт буулгав. 2013 он.

Номт гурван улсын түүхийг хураангуйлсан Гэгээн толь хэмээх оршив

Гэгээн толь (2 хэсэг)

Сүмэр уулын ургахуй зүгт Ургахуй үлэмж биетийн тив, хоёр өчүүхэн тив лүгээ сэлт цанж мэт дүртэй буй. Сүмэр уулын баруун зүгт баруун Замбуутив , хоёр өчүүхэн тив лүгээ сэлт дал мэт дүртэй буй.


Сүмэр уулын шингэхүй зүгт шингэхүй Үхэр эдлэгч тив, хоёр өчүүхэн тив лүгээ сэлт төгрөг дүртэй буй.

Сүмэр уулын зүүн зүгт зүүн Муу дуутын тив, хоёр өчүүхэн тив лүгээ сэлт дөрвөлжин дүртэй буй. Маш сөгдөхүйгээс дээр дөрвөн түмэн бэрээ гарсан огторгуйд амирласан өвөрчлөн усанд үзэгдэхүй хий мандалд Наран, саран, явахуй одон тэргүүтэн шүтсэн буй. Наран сарын бэрээн хэмжээ явахуй одны их багын хэмжээ дөрвөн тив хийгээд өчүүхэн тивийн бэрээн хэмжээ хүмүүн нугуудын жаргалан хийгээд насны хэмжээ биеийн хэмжээ тэргүүтэн маш дэлгэрэнгүй нь Илэрхийд тодорхой буй. Тив тэдний дотроос Шалгадаг болсон нь Замбуутив мөн. Удаяана алтан тив хийгээд Сэнгалагийн тив, Сар тив тэргүүтэн өчүүхэн Хязгаарын тив нугууд ч баруун Замбуутивд хараатай буй. Тэр ч төв орон Энэтхэгийн орон нь ... татсан мэт. Монгол хийгээд Жаяын орон тэрэгний дүр мэт хүү. Есөн хүсэл гарахуй тив буй. Хор хийгээд Хятадын орон нь бадам цэцэг ам нээсэн мэт. Цаст Төвдийн орон нь эм мангас гэдрэг унасан мэт буй. Аюул их чөтгөр мангас олон. Уул нь хёр шороо хийгээд балар харанхуй буй. Бас бус алдаршсан их арван зургаан орон, өөр өөрийн цог учралыг эдлэн амгуулан оршмуй.

Тод үсгээс кирил үсэгт буулгав. 2013 он.

Номт гурван улсын түүхийг хураангуйлсан Гэгээн толь хэмээх оршив


 Гэгээн толь (3 хэсэг)

Тэр ч тэргүүн Энэтхэгийн орон нь хүмүүн нугууд Тодорхой гэрэлт тэнгэрээс салан, насны хэмжээ цаглашгүй чадан идээнд самадигийн амгаланг идэн хувилан төрөн биед нь гэрэл буй. Рид хувилгаанаар огторгуйд явдаг дүрсний эрдэм цаглашгүй буй. Тэр цагт Рашаан газрын шим хэмээх цагаан өнгөтэй амт нь бал мэт буйг идсэний тул рид хувилгаанаар огторгуйд яван үл чадан самадигийн идээн үгүй болов. Түүний хойно Газрын тос хэмээх улбар шар өнгөтэй бал лугаа адил амттан нэгэн болов. Тэр ч үгүй болов. Найлзуурын хэсэг хэмээх идээн болов. Тэр ч барагдаж эс тарьсан сал тутарга нугууд болов. Идээ тэднийг хэрэгтэй цагт аван иддэг буй. Зальхай зарим хүмүн мангарын хувийг энэ өдөр аван идсэний тул бус нугууд түүнчлэн үйлдсэнээр эс тарьсан тутарга ч үгүй болов. Тэгээд тариалангийн үйлд орохуйд нэгний тарьсан тариаг бусад аван идсэнээр тэд бүгдээр үл зохицон тэмцэлдэн үйлдэв. Тэр цагт хүмүүн нугуудын дотроос Шалгадаг нэгэн өөр өөрийн эрхийн зүйлээр хэмжин хуваан тэмцэлгүй болгон үйлдэв. Хүмүүн нугууд түүнд маш баясан үг зохицон ноён болохуй үүрэг өгсөнөөр олонд Өргөгдсөн хаан хэмээн өгүүлэв. Энэтхэгийн хааны урьд тэр мөн. Түүний хөвүүн Үзэсгэлэн гэрэл, түүний хөвүүн Буян, түүний хөвүүн Дээд буян, түүний хөвүүн Тэтгэн арилгагч хутаг мөн. Түүнийг урьд Tаван аймаг хаан хэмээмүй. Тэтгэн арилгагч хутагийн хөвүүн Над хөх мөн. Түүний хөвүүн Үзэсгэлэн, түүний хөвүүн Чухал үзэсгэлэн, түүний хөвүүн Үзэсгэлэнт, түүний хөвүүн Үзэсгэлэн төгссөн мөн. Тэднийг Хүрд орчуулагч таван хаан хэмээмүй. Түүний хөвүүн Дээд өглөг хаан, түүний учирт дөрвөн түмэн насны цаг мөн. Хаан эцэг хөвүүн энэ хоёрын цагт Орчлонг эвдэгч бурхан Энэтхэгт өөд болон дээд ном зарлиг болсон буй. Дээдийг өгөгч хааны хөвүүн Залуу хаан. Тэгээд хааны үе гурван зууны эцэст Бүгдээс гэрэлт хэмээх хаан болов. Түүний хөвүүн Зандха хаан. Түүний цагт Замбуутивийн насан гурван түм наслан хаан эцэг хөвүүн энэ хоёрын цагт Алтан чадагч бурхан Энэтхэгт өөд болон дээд ном зарлиг болсон цаг мөн. Тэгээд хааны гурван зууны эцэст Их санал хэмээх хаан болов. Түүний хөвүүн гРиш хаан болон түүний учирт Замбуутивийн насан хоёр түмний цаг мөн. Хаан эцэг хөвүүн хоёрын учирт Гэрэл сахигч бурхан ертөнцөд өөд болон дээд ном зарлиг болсон мөн. Тэгээд Бодала оронд хааны үе хоёр зуун нөгчсөний хойно Чихт хэмээх хаан болов. Түүнд хоёр хөвүүн буй. Ихийн нэр Хоодам, өчүүхний нэр Бардоца. Хоодам сайтар гаран, Бор доца хаан болов.

Тод үсгээс кирил үсэгт хөрвүүлэв. 2013 он.

Алтайн магтаалыг хайлахын учир



Туульч, үзмэрч, мэргэн гурван анчны түүх

Гурван хүнд анд явжээ. Өдөржин уул хадаар хэсч, антай хөөцөлдөөд явсан боловч анчид нэг ч ан гөрөөлж чадсангүй гэнэ. Ямаан гөрөөс, үнэг, мануул ааралдсан боловч гурван анчин хоосон буцаж хээр хоножээ. Хоёр, гурван өдөр гөрөөлж явсаар хоногийн газарт ирээд:
- Бид гурвын ангийн ганзага нийлэхгүй байна. Бид салсан ганзагатай гурван анчин байна гэж бие биедээ гоморхон ярилцжээ. Гурван анчны нэг нь туульчин байжээ. Тэгээд унтахын өмнө сан тавиад Алтайгаа магтжээ. Алтайн магтаал хайлаад дундаа орж байтал дүрстэй, дүрсгүй олон биетүүд бас маш жижигхэн намхан хүмүүс энд тэндээс гэнэт гарч ирээд туульчийн мөр, толгой, мангай, хөмсөг, уруул, эрүү, хүзүүн дээр нь шахцалдан сууцгаахыг үзмэрчин-анчин үзжээ. Туульчийн аргил сайхан ая дуунд тэд уяран, баясгалантай царайгаар чагнан чагнан сууцгаахыг үзмэрчин нь ихэд саймшран өөрийн нүдэндээ үл итгэн олон биетүүд амьтдыг олзуурхан харжээ. Тун удалгүй хүн дүрст нэгэн биет гэнэт туульчны толгойн оройгоос бууж ирээд хамрын үзүүр дээр ихэмсгээр залрав гэнэ. Бас үзэсгэлэнтэй ч юм шиг атлаа өрөөсөн хөл нь доголон эм дүрстэй хийбод биет туульчийн чихний ирмэг өөд шалмагхан авирч инээмсэглэсээр дүүлэн очоод суудлаа эзлэхийг үзмэрчин бас үзжээ.
Үзмэрчин-анчин эдгээр олон дүрст биетүүдийг хараад гайхаж суутал туульчийн чихэн дээр байсан нөгөө эм биет унахаасаа ихэд болгоомжлон унжганан сарвалзан татганаж хахир яхир дуу гарган ярзайн инээхийг хараад гэнэт чангаар дуу алджээ. Туульч-анчин:
- Юунд чанга инээв, чи? Чи намайг шооллоо. Би амьдарч ядахдаа ан хийж, ангийн махаар хэдэн улаан цурав хүүхдээ тэжээх гэж яваа нүгэлт хар гөрөөчин. Чамд харанхуй бүрэнхийд юу үзэгдэв? Юутэй нөгцөж донтсон долиг уу, чи? Чамаас л болж өнөөдөр үзэгдсэн ан алагдахгүй байна. Чи биднээс салсан ганзагатай хүн байна гэж уурсчээ. Туульч-анчин Алтайн магтаалаа хайлан хэлэхээ больжээ. Харанхуй бүрэнхийгээр гурвуулхнаа хээр газар сууж байгаад,
- Чи яагаад элгээ хөштөл инээв? гэж дахин асуун, уурсчээ. Тэгтэл энд тэндээс цугласан олон хийбод биетүүд шуугилдаж,
- Энэ сайхан дуун яагаад сонсогдохгүй болов? Чамаас л боллоо. Чи яагаад чанга дуугарав гэж туульчийн чихний ирмэг дээрээс дүүжлэгдсэн эм хүмүүн дүрстийг бас зандарч уурсчээ. Туульчийн хамрын үзүүр дээр суусан өөр нэгэн биет амьтан:
- Муу самган чиний доголон хар бухаар чинь энэ сайхан сонин дуутай эзнийг мялаан баярлуулна аа гээд цугларагсад шуугилдсаар тарсан байна.
Үзмэрч-анчин хий үзэгдлийн тухай юу үзсэн, юу сонссонооо хоёр нөхөртөө түүх болгон өгүүлээд унтацгаасан байна. Маргааш гурван анчин ангийн замдаа гараад явж байтал уулын сүүдэр гоодаа (хүүшлэх) бууж, жаргах нарны улаан туяанд буга мэт нэгэн хар амьтан сүүмэлзэн үзэгдсэнийг гурван анчны мэргэн бууч нь намнасан байна. Туульч-анчин, үзмэрч-анчин хоёр уралдан очиж үзвэл нэгэн сайхан хангал дөнөн хоо буга арван хоёр салаа эврээ дэрлэн дэрлэн соргог хар нүдээ үл мэдэг аньсан байжээ. Тэгээд гурван анчин
Арван гурван Алтайн эзэн
Алиа хонгор минь
Алтан шаргаа хөлөглөж ирээд хамаг буянаа хайрлав хэмээн намнасан бугын сүнс хишгийг хурайлан дуудаж, буга намнасан анчдын заавал гүйцэтгэх ёстой эрхэм зан үйлээ гүйцэтгэсэн байна. 

(Энэхүү үлгэрийг 1971 оны өвөл Ж. Цолоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн туульч Б. Уртнасангаас бичиж авсан бөгөөд энэхүү ном нь бидний эмхтгэсэн “Урианхайн өв соёл” бүтээлд бий.)

Туулын шугуй

Туулын шугуй
Үг Б. Явуухулан
Ая Д. Лувсаншарав

Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.

Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэрлэнэ.
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.

Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.

Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан.
Мөнхийн рашаан уусан шиг
Танхил чамтай амьдрахсан.

Ээж минь

Ээж минь
Үг Л. Дагвадорж
Ая З. Батсүх

Хүний маань дээд нь ээж минь билээ
Амттайхан арвин цагаан сүүгээрээ
Алагхан зүрхийг минь ашид амилаан
Амь шигээ хайрлан байж өсгөнхөн
     Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг.
     Хүний маань дээд нь ээж минь билээ.
Хүний маань дээд нь ээж минь билээ
Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ
Хайрын уянгыг зүрхэнд шингээн
Хайлан дуулан байж өсгөнхөн
     Дахилт
Хүний маань дээд ээж минь билээ
Үнэнийг л дандаа дуу шиг дуулаарай гэж
Ухаан санаа бодлоо хэлэнхэн
Өхөөрдөн үнсэн байж өсгөнхөн

Намрын өнгө

Намрын өнгө
Үг О. Цэрэндэндэв
Ая Л. Мөрдорж

Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа.
  Амуу тариа найгалзсан
  Арвин сүрэг налайсан
  Айргийн амт нь сэнгэнэсэн
  Алтан намрын цаг юм аа.
Урган наран төөнөсөн
Усны шувууд ганганасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн намар юм аа.

Миний нутгийн бараа

Миний нутгийн бараа
Үг Ш.Сүрэнжав
Ая Д. Баттөмөр

Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан хот байна хө
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа хө.
  Сүргийн бэлчээр чимэглэсэн
  Сүйхэн цагаан гэр байна хө
  Сүүгээ өргөөд хоцорсон
  Миний ээжийн өргөө юу даа хө.
Өндөр тэнгэрийг мөрлөсөн
Үүлэн цэнхэр уулс байна хө
Үргэлж надад зүүдлэгдсэн
Миний нутгийн бараа юу даа хө.

Төрсөн нутгийн бараа

Төрсөн нутгийн бараа
Үг А.Самбалхүндэв 
Ая Н.Жанцанноров

Цэнхэр униар дундаасаа
Дүнхэр уулсууд сүндэрлээд
Төрсөн нутгийн бараа нь хө
Түмний газраас харагдаад байна хө.
   Цасан цагаан малгайтай
   Сүрлэг хангайн нурууд нь хө
   Насан өндөр болсон
   Өрлөг эх шиг санагдаад байна хө.
Хүсээд яваа ээжийг минь
Тосоод ирэхээс урьтаад
Төрсөн нутгийн бараа нь хө
Түүнийг минь орлоод угтсан юм байжээ.