Saturday, March 28, 2015

Алтайн магтаалыг хайлахын учир



Туульч, үзмэрч, мэргэн гурван анчны түүх

Гурван хүнд анд явжээ. Өдөржин уул хадаар хэсч, антай хөөцөлдөөд явсан боловч анчид нэг ч ан гөрөөлж чадсангүй гэнэ. Ямаан гөрөөс, үнэг, мануул ааралдсан боловч гурван анчин хоосон буцаж хээр хоножээ. Хоёр, гурван өдөр гөрөөлж явсаар хоногийн газарт ирээд:
- Бид гурвын ангийн ганзага нийлэхгүй байна. Бид салсан ганзагатай гурван анчин байна гэж бие биедээ гоморхон ярилцжээ. Гурван анчны нэг нь туульчин байжээ. Тэгээд унтахын өмнө сан тавиад Алтайгаа магтжээ. Алтайн магтаал хайлаад дундаа орж байтал дүрстэй, дүрсгүй олон биетүүд бас маш жижигхэн намхан хүмүүс энд тэндээс гэнэт гарч ирээд туульчийн мөр, толгой, мангай, хөмсөг, уруул, эрүү, хүзүүн дээр нь шахцалдан сууцгаахыг үзмэрчин-анчин үзжээ. Туульчийн аргил сайхан ая дуунд тэд уяран, баясгалантай царайгаар чагнан чагнан сууцгаахыг үзмэрчин нь ихэд саймшран өөрийн нүдэндээ үл итгэн олон биетүүд амьтдыг олзуурхан харжээ. Тун удалгүй хүн дүрст нэгэн биет гэнэт туульчны толгойн оройгоос бууж ирээд хамрын үзүүр дээр ихэмсгээр залрав гэнэ. Бас үзэсгэлэнтэй ч юм шиг атлаа өрөөсөн хөл нь доголон эм дүрстэй хийбод биет туульчийн чихний ирмэг өөд шалмагхан авирч инээмсэглэсээр дүүлэн очоод суудлаа эзлэхийг үзмэрчин бас үзжээ.
Үзмэрчин-анчин эдгээр олон дүрст биетүүдийг хараад гайхаж суутал туульчийн чихэн дээр байсан нөгөө эм биет унахаасаа ихэд болгоомжлон унжганан сарвалзан татганаж хахир яхир дуу гарган ярзайн инээхийг хараад гэнэт чангаар дуу алджээ. Туульч-анчин:
- Юунд чанга инээв, чи? Чи намайг шооллоо. Би амьдарч ядахдаа ан хийж, ангийн махаар хэдэн улаан цурав хүүхдээ тэжээх гэж яваа нүгэлт хар гөрөөчин. Чамд харанхуй бүрэнхийд юу үзэгдэв? Юутэй нөгцөж донтсон долиг уу, чи? Чамаас л болж өнөөдөр үзэгдсэн ан алагдахгүй байна. Чи биднээс салсан ганзагатай хүн байна гэж уурсчээ. Туульч-анчин Алтайн магтаалаа хайлан хэлэхээ больжээ. Харанхуй бүрэнхийгээр гурвуулхнаа хээр газар сууж байгаад,
- Чи яагаад элгээ хөштөл инээв? гэж дахин асуун, уурсчээ. Тэгтэл энд тэндээс цугласан олон хийбод биетүүд шуугилдаж,
- Энэ сайхан дуун яагаад сонсогдохгүй болов? Чамаас л боллоо. Чи яагаад чанга дуугарав гэж туульчийн чихний ирмэг дээрээс дүүжлэгдсэн эм хүмүүн дүрстийг бас зандарч уурсчээ. Туульчийн хамрын үзүүр дээр суусан өөр нэгэн биет амьтан:
- Муу самган чиний доголон хар бухаар чинь энэ сайхан сонин дуутай эзнийг мялаан баярлуулна аа гээд цугларагсад шуугилдсаар тарсан байна.
Үзмэрч-анчин хий үзэгдлийн тухай юу үзсэн, юу сонссонооо хоёр нөхөртөө түүх болгон өгүүлээд унтацгаасан байна. Маргааш гурван анчин ангийн замдаа гараад явж байтал уулын сүүдэр гоодаа (хүүшлэх) бууж, жаргах нарны улаан туяанд буга мэт нэгэн хар амьтан сүүмэлзэн үзэгдсэнийг гурван анчны мэргэн бууч нь намнасан байна. Туульч-анчин, үзмэрч-анчин хоёр уралдан очиж үзвэл нэгэн сайхан хангал дөнөн хоо буга арван хоёр салаа эврээ дэрлэн дэрлэн соргог хар нүдээ үл мэдэг аньсан байжээ. Тэгээд гурван анчин
Арван гурван Алтайн эзэн
Алиа хонгор минь
Алтан шаргаа хөлөглөж ирээд хамаг буянаа хайрлав хэмээн намнасан бугын сүнс хишгийг хурайлан дуудаж, буга намнасан анчдын заавал гүйцэтгэх ёстой эрхэм зан үйлээ гүйцэтгэсэн байна. 

(Энэхүү үлгэрийг 1971 оны өвөл Ж. Цолоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн туульч Б. Уртнасангаас бичиж авсан бөгөөд энэхүү ном нь бидний эмхтгэсэн “Урианхайн өв соёл” бүтээлд бий.)

No comments:

Post a Comment