Хорь түмэдийн Хоридай мэргэний домог
Эрт урьд цагт Хори түмэдийн Хоридай мэргэн гэдэг айл гэр
болоогүй, эхнэр хүүхэдгүй залуу байжээ. Хори түмэдийг Байгал нуурын эргээр явж
байхад хун шувууд зүүн хойт зүгээс нь нисэн ирээд есөн сайхан хүүхэн болоод
Байгал нуурын усанд биеэ угаажээ. Тэгэхэд нь Хори түмэд нэг хун шувууны хувцсыг
нь хулууж аваад биеэ харуулалгүй хэвтдэг байна. Усанд орж хэргээ бүтээгээд,
найман хун хувцсаа өмсөөд зүүн хойшоо нисээд явчдаг. Ганц хун үлдэж, Хори
түмэдийн эхнэр болсон байна. Тэр хоёр айл гэр болоод их жаргаж арван нэгэн
хөвгүүнтэй болсон гэнэ. Эхнэр нэг өдөр хэлсэн нь:
- Би нутгаа буцъя, чи олон үртэй, биетэй боллоо. Чамд
ядрал ердөө байхгүй болов. Хори түмэд хун шувуун эхнэрийнхээ хувцсыг нь
өгдөггүй байв.
Нэг өдөр эхнэр нь хоймрынхоо орон дээр оёдол хийгээд,
Хори түмэд тогооныхоо хоёр бариулаа бариад хоол ундаа хийж байв аа. Хун хэлсэн
нь:
- Хувцсыг минь гаргаж өгөөч. Би өмсөж үзье л дээ. Би
үүдээр л гарнаш дээ, бариад авна биздээ, чи. Өмсөөд үзье л дээ гэж.
- Үгүй ээ, нээрээ өмсөөд үзэхэд яавал гэж? гэж бодоод
Хори түмэд хувцсыг нь авдар дотроосоо гаргаад өгдөг байна. Эхнэр нь хун шувуу
болоод хойт орон дээрээ суугаад далиа засч байв гэнэ. Гэнэт др.... гээд тооно
өөдөө нисчээ. Хоридай мэргэн:
- Хүүе, болиоч, болиоч гээд, хөө болсон хоёр хар
бариулаараа хоёр хөлний нь шилбийг бариад таталдаад байж, юу юугүй алдлаа гэнэ.
Хоридай мэргэн:
- Чи явбал арван нэгэн хөвгүүндээ нэр өгөөд яв гэдэг
байна. Тэгээд арван нэгэн хөвгүүндээ Хүгдүүд, Галзууд, Хуацай, Халбин, Батнай,
Худай, Гушид, Сагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж нэрлэн дууджээ.
Эхнэрийнхээ хоёр хөлийг
алдахад Хун шувуу дээгүүр нь нисэнгээ: “Үеийн үед, биеийн биед бүү ядагты, сайн
сайхан явагты, өсч бойжиж явагты” гэж ерөөгөөд зүүн хойшоо явчихсан гэдэг
билээ.