Үг. Д. Пүрэвдорж Ая. Л. Мөрдорж
Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал нялхарна.
Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа туяарч
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал униартана.
Нарны сайхан цацрал шиг
Найман зүгтээ туяарч
Намирсан тариа найгуулсан
Нарын тал шаргалтана.
Цагаан цайлган сэтгэл шиг
Цасан цайдам алсалж
Өөрийн илчээ цантуулсан
Өвлийн тал цавцайна.
Эзэн хүний сэтгэлийг
Эргэн эргэн баясаасан
Дөрвөн цагийн тал минь
Дөрвөн цагтаа сайхан аа.
No comments:
Post a Comment